Дараагийн саятан Internq7

Сая долларын борлуулалт хийж чадсан Internq7–н өдрийн мэндийг хүргээд дөрөвдүгээр шилдэг борлуулалттай аутор болсон Internq7-дээ баяр хүргэе.

Худалдааны бүлгийн гишүүн байх 3н жилийн хугацаанд тэрээр 1396 дагалдагчтай болсон ба сая доллараас давсан бүтээгдэхүүн борлуулсан бөгөөд зөвхөн нэг бүтээгдэхүүнээр 21000 хувь борлуулалт хийж чадсан нь үнэхээр итгэмээргүй том амжилт юм. Түүний энэхүү амжилтаар бахархахгүй байхын аргагүй бөгөөд түүн шиг залуу худалдааны салбарын тэргүүлэгч байгаад талархаж байна.

Тэрээр одоо аваргын бөгжөө болон дагалдах шагналуудаа гардан авсан байгаа бөгөөд Андон (Envato бүлгээс гадуур дууддаг нэр нь) буюу Internq7-гээ танилцуулъя. Танд таалагдана гэдэгт найдаж байна.

Өөрийнхөө тухай болон хэрхэн энэ төвшинд хүрсэн тухайгаа ярьж өгөөч?

Миний суурь мэдлэг боловсрол бол програмчлал бөгөөд би үргэлж үүндээ дуртай байсаар ирсэн. Сургуульдаа вэб дизайны талаар бүгдийг суралцаж чадсан гэж та бодож байвал энэ тийм биш л дээ. 2007 он бол үнэхээр чухал он бөгөөд миний хувьд CMS-тэй танилцчихсан Joomla, Drupal дээр вэб сайт freelance-р хийж байсан үе юм. Энэ үед би анх WordPress-тэй танилцсан. Зарим нэг бизнесийн зөвлөгөө өгөх, блог болон wiki сайтуудыг хийсэн байсан туршлага дээрээ үндэслэн WP дээр загварлаг аятайхан, олон хэлтэй, уян хатан сайт хийж болохыг ойлгосон.

Түүнээс хойш хэзээ ч түүнээс салаагүй үргэлж хамтдаа урагшилсан гэж хэлж болно. 2009 оны намар би Themeforest-с хэд хэдэн загвар худалдан авч түүгээрээ ажил гүйцэтгэх шаардлага гарсан. Энэ үед би хүн болгон энд аутор болох боломжийг Marketplace олгож байгааг мэдсэн юм. Өмнө нь хэзээ ч олдож байгаагүй үнэхээр гайхамшигтай энэ боломжийг надад олгосныг одоо харж байна. Би өөрийн юу хийж чадах, хүсч байгаа зүйлээ аливаа том зорилго хүсэлгүйгээр анхны загвараа алгуур хийж эхэлсэн дээ.

Зүгээр нэг хоббиноос ч илүүтэйгээр ихээхэн цаг зарцуулж ажилласны үндсэнд 4-5 сарын дараа үр дүн нь хангалттай гарсан учир түүнээсээ би үнэхээр их урам авсан. Үүний дараа бүх санаагаа шигтгэсэн шинэ загвар гаргахын төлөө донтой юм шиг ажиллаж эхэлсэн. Загварынхаа дизайныг сайжруулах болон өөрийн нэрийг Marketplace дээр гаргахын тулд ажиллаж эхэлсэн.

Сая доллараас дээш борлуулалт хийх танд ямар мэдрэмж төрүүлж байна вэ?

Энэ үнэхээр гайхамшигтай, надад үнэхээр таалагдаж байна. Богино хугацаанд цөөхөн хэдхэн файлтай байж ийм амжилтад хүрч чадсан нь надад үнэхээр гайхамшиг мэт санагдаж байна.

U-Design тэмплэйтээ гаргаснаас хойш бүх зүйл маш богино хугацаанд болж өнгөрсөн бөгөөд заримдаа өөрөөсөө “Энэ үнэхээр надад тохиолдож байгаа нь үнэн гэж үү?” гэж асуухад хүртэл хүргэж байсан.

Энэ үнэхээр мөрөөдөл биелсэнтэй адилхан санагдаж байна. Миний загварыг сонгон авсан маш олон хүнд талархахын дээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, суппорт болон хөгжүүлэлтийн ажилдаа улам хариуцлагыг хандуулж байна.

Дизайнер болон аутор хүний хувьд энэ амжилт нь танд юуг илтгэж/өгүүлж байна вэ?

Тэртээд байгаа 10 сая долларын эзэн болж Envato бүлгийн гишүүдтэй уулзахад 1 саяар ойртож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Хийж байгаа зүйлээрээ бардамнан бахархаж, цаашид хийх зүйлсдээ улам ихээр тэмүүлэлтэй эрчтэй ажиллах урам зоригийг авч байна.

Худалдаанд зориулсан дизайндаа хэр цаг зарцуулдаг вэ?

Тухайн зүйлийг хийхэд ямар л хугацаа шаардлагатай тэр бүх хугацааг зарцуулдаг. Юмыг хайш яйш, яаран түргэн хийхэд би дургүй. Шинэ загварын бүх зүйл хийгдэж дууссаны дараа харахад миний хийхээр төлөвлөсөн хугацаандаа дандаа хэтэрсэн байдаг. Аливаа загвар гаргах бүрийд шинэ зүйл сурч түүндээ цаг зарцуулна гэдэг бол миний хувьд маш чухал. Би шинэ зүйл судалж үүнийгээ загварууддаа нэгтгэхдээ их дуртай. Шинэ загвар бүтээхэд дунджаар цөөн хэдэн сарын хугацаа ордог (Магадгүй 2, 3 сар гэж хэлж байгаа байх).

Одоогоор шинэ загвар бүтээхээсээ илүүтэй сайжруулалт болон худалдан авагчиддаа туслахад цагаа зарцуулж байна. Сайн борлуулалттай U-Design –ийн амжилт шинэ бүтээгдэхүүн гаргах хугацааг маань түр хойш тавиулаад байгаа.

Хэр их удаа загварууд чинь буцаагдаж байсан бэ, тэр үед юу хийдэг вэ?

Зөвхөн нэгээс бусад нь буцаагдаж, чанарын шаардлага хангахгүй байсан. Сонирхолтой нь миний хамгийн өндөр борлуулагдсан загварууд маань маш ихээр бүр 7-8 удаа буцаагдаж байсны би санаж байна. Бүтээгдэхүүнээ худалдааны шалгуурт тэнцүүлнэ гэдэг магадгүй ауторуудын ажлын хамгийн хэцүү хэсэг нь юм шиг санагддаг. Бүтэн сар шаргуу хөдөлмөрлөсөн ажлын үр дүнг маань ганцхан буцаалтаар (rejection) залгичхаж байгаа мэт санагдах үе олон байдаг шүү.

Яагаад ч юм энэ загвар олон зарагдах боломжтой гэсэн зөн совиндоо бат итгээд хичнээн олон удаа буцаагдаж байгааг ч үл харгалзан бууж өгөхгүй тэмцсээр байдаг. Хүн болгон л өөрийнхөө файлд ингэж итгэдэггүй гэж үү? 🙂

Цаашдын сая долларын эзэн болохыг хүсч байгаа ауторуудад өгөх зөвлөгөө, урмын үг тань юу вэ?

Хэрвээ чи ямар нэгэн хандлага эсвэл бусдыг дагаж явбал хэзээ ч амжилтад хүрэхгүй. Зөвхөн өөрийн хийхийг хүсч байгаа тэр давтагдашгүй санаагаа хэрэгжүүл, тэр л ганцхан чамайг амжилтанд хөтлөх зам байх болно.

Дөнгөж эхэлж байхдаа юун топ саятан аутор болох талаар бодох вэ дээ. Тэр үед ийм зэрэглэл топуудын бүлэг ч байгаагүй. Зөвхөн өөрийн хүсч байгаа зүйлээ хийж явсаар л өнөөдрийн энэ түвшинд хүрсэн байна.

Энвато худалдааны салбарын цар хүрээ, хамрах хүмүүсийн тоо миний бодож байснаас ч өндөр хурдтай өсч байгаа нь шилдэг саятнуудын бүлэг удахгүй олон гишүүдтэй болох нь дамжиггүй шүү залуусаа :).

Таны ажиллах орчин ямархуу байдаг вэ?

Гэрийнхээ том ч биш жижиг ч биш яг л таарсан хэмжээний өрөөгөө ажиллахад тохируулж аятайхан тохижуулсан байгаа. Гадагшаа зугаалах, ийш тийш явахаас өөр үед төдий л өрөөнөөсөө цухуйхгүй л дээ. Өрөөнд маань томоо гэгчийн булангийн ширээтэй, түүн дээрээ өндөр хурдтай компьютер (pc) аварга дэлгэцийн хамт байрлуулсан. Бас ханандаа цагаан самбар өлгөөд түүндээ толгойд байгаа юмаа цэгцэлж, хийх зүйлсээ жагсааж бичдэг.

Загварынхаа шинэ санаа, сэдлийг хаанаас олдог вэ?

Ерөнхийдөө загвараа ямархуу харагдах талаар төсөөлөн боддог боловч бүр нарийвчлан ширхэгчилж зурдаггүй. Яаж уян хатан, олон янзаар хувирч болох талаар нь эхлээд нарийн боддог. Аливаа вэбийн загвар гаргахдаа хэрэглэгчийн нүдээр, тэдний хэрэгцээнд хэрхэн нийцэх талаар бодсон байдаг. Тэдгээр хэрэглэгчид миний вэбийн загвараас яг юуг онцолж харах уу, тэдний хэрэгцээнд юугаараа нийцэх вэ, тэдгээр хэрэглэгчдэд үүгээр юуг өгч, ямар давуу талыг олгож чадах вэ гэж боддог.

Ихэвчлэн би өөрөөсөө байнга дараах асуултыг тавьдаг:
“Хэрэглэгчид миний вэб загвараар сайт хийх явцдаа хамгийн ихээр хүсч болох зүйл энэ загварт юу байна вэ?”
Өмнө хийгдэж байгаагүй шинэлэг санаа, уян хатан боломжуудыг шигтгэхийг үргэлж зорьдог нь миний вэб загваруудын шинэлэг давуу болгох сэдлийг авчирдаг болов уу.

Таны ажлын хамгийн сэтгэл татам зүйл нь юу вэ?

За байз хаанаас нь эхэлдэг юм билээ дээ, олон зүйл байна л даа. Энэ бол миний үргэлж мөрөөдөж байсан ажил минь яг мөн. Гэрээсээ эсвэл аль нэг дэлхийн дуртай газраасаа ажиллах боломжтойн дээр ямар нэгэн дарга цэрэг, хяналт дарамт байхгүй зөвхөн өөрийнхөөрөө. Хамгийн гоё нь өөрийн дуртай, хийхийг хүссэн зүйлээрээ мөнгө олж байгаа нь шүү дээ.

Хэрхэн өөрийн эрч хүч урам зоргио нөхдөг вэ? Хаанаас ажлын энергиэ авдаг вэ?

Миний вэб тэмплэйтийг ашигласнаараа маш их баяртай байгаа, дахин дахин миний загварыг худалдан авч байгаа тэр хүмүүсээс би маш их урам авдаг. Миний тэмплэйтийг гайхамшигтай өөрчилж загварчилсан бас тэр сайтуудыг хараад урамшдаг.
Үргэлж өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байж, хэзээ ч өглөө 9н цагт ирж орой 18 цагт тарна гэсэн цагт баригдалгүй, өөрөө өөрийнхөө эзэн нь байж, өөрийн цагийн хуваариар ажиллаж өөрөө өөртөө дарга нь болж ажиллаж байгаа нь маш том урам зориг өгдөг юм шүү.

Таны ажлын хамгийн хэцүү хэсэг нь юу вэ?

Өөрөө өөрийнхөө төлөө ажилладаг freelancer ауторуудын хувьд ажил, хувийн амьдрал хоёроо салгаж сурах нь нийтлэг асуудал байдаг. Ажлынхаа талаар бодохгүй байна гэдэг маш хэцүү хэрэг л дэ. Яагаад гэвэл маш олон хэрэглэгчтэй болсны дараа тэдгээрт тавих халамж анхаарал маш их хэрэгтэй болж ирсэн.

Танд өөр захиж хэлэх зүйл байвал хэлээч?

Бид бүгдэд ийм нээлттэй боломж бололцоог олгож өгсөн бүх Envato-гийн хамт олондоо талархаж буйгаа илэрхийлье. Түүнчлэн тусгайлан маркетплэйсийн бүх ажилчид, суппорт болон сайжруулалтын багийн бүх гишүүд болон миний вэб тэмплэйтийг сонгон худалдаж авсан бүх хүмүүстээ талархлаа илэрхийлье.

Бидний хамт олонтой хамт байсан Андон танд баярласан талархсанаа илэрхийлж цаашид улам өндөр амжилтыг хүсье.

Comments (17)

Leave a Comment